» » » “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс нь жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг УИХ-д илтгэдэг билээ. Энэ удаагийн ээлжит "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдөр УИХ-д өргөн барьсан билээ.

Тус илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны 2017 оны 10 дугаар сарын 17-ны хуралдаанаараа тус тус хэлэлцлээ.

Хуралдааныг Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар даргалж, 6 гишүүний ирцтэйгээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батчулуун, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар тус тус оролцож, мэдээлэл хийв.

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо

Энэ удаагийн ээлжит илтгэлээ "Хүүхдийн эрхийн хэрэгжилт”, "Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, "Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, "Эрүү шүүлтээс ангид байх эрх”, "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” сэдвийн хүрээнд боловсруулж, тодорхой асуудлаар шийдвэр гаргуулахаар УИХ-д санал хүргүүлээд байна.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулж, УИХ-д жил бүр илтгэл өргөн барьдаг. УИХ илтгэлтэй танилцахаас гадна Хүний эрхийн дэд хороо, УИХ-аас Засгийн газарт хүний эрхийн зөрчлийг бууруулах, хамгаалах талаар чиглэл өгөх ёстой. Энэ талаар Хүний эрхийн дэд хорооны дарга зайлшгүй анхаарч, тогтоолын төсөл боловсруулсан байх гэж найдаж байна. Хоёрдугаарт, өнөөдөр үүсээд байгаа, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа, урьд хожид гарч байгаагүй харгис, хэрцгий гэмт хэргүүдийн тухай бид бас ярилцах ёстой. Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ыг өнөөдөр сонсох ёстой. Бага насны охидыг хүчирхийлдэг асуудал хэрээс хэтэрсэн гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл, жендэрийн эрх тэгш байдал, залуучууд хар тамхинд донтох асуудал хэмжээнээс хэтэрч байгаа зэрэг мэдээллийг бид өнөөдөр ярьж зохих шийдвэрийг гаргах ёстой. Улсын төсөвт эдгээр гэмт хэрэгтэй тэмцэхэд зарцуулах зардлыг тусгаж өгөх ёстой” гэв.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: "Илтгэлийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүний санал дээр нэмээд хоёр санал оруулмаар байна. Энэ асуудлыг зөвхөн Байнгын хороогоор оруулаад зогсоомооргүй байна. Хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс тогтоол баталж, УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Тухайлбал, Эрүүгийн хууль дахь хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой одоогийн заалт нь өмнөхөөсөө дордсон, маш сул болсон. Зарим баримтуудыг үзэхээр шөнө нойр хүрдэггүй юм байна лээ. Тийм баримтуудыг та бүхэнд хэлэх болно. Үүнийг засах арга зам нь хуульд өөрчлөлт оруулах явдал. Хүүхдийн наймаа, хүн худалдаалах гэмт хэргийн асуудлыг тэмцээд тодорхой үр дүнд хүрч байгаа. Харин хэвлийдээ хүүхэд тээгээд хил гаргадаг үзэгдэл бий болсон. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг та нарт тусгайлан мэдээлэл өгнө. Хилээр буцаад орж ирэхэд таны хэвлийд байсан хүүхэд хаачив гэдгийг хуульд тусгаж өгөхгүй бол бид жил гаруй хөөцөлдөөд, хилийнхэн ч хуульд оруулж өгөхгүй бол яагаад ч болохгүй юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Дээр нь илтгэлд тусгасан асуудлаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас та нар хэлэлцэж өгөх болов уу гэж найдаж байна.

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг өнгөрсөн 3 дугаар сард УИХ-д өргөн барьж, бүх гишүүдэд тараасан болно. Тийм учраас дэлгэрэнгүй ярих шаардлагагүй юм. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн асуудлыг тусгаж, хэд хэдэн асуудлыг хөндсөн, тухайлбал, үндэстний цөөнхийн Баян-Өлгий аймагт байгаа монгол хэлээр ярьдаг иргэдийн эрх, эх хэлээрээ суралцах асуудал хөндөгдсөн.

Хөдөлмөрлөх эрхийн асуудлыг хоёр түвшинд авч үзсэн Хөдөлмөрийн хуулийг яаралтай шинэчлэх ёстой гэсэн саналыг тавьж байгаа, сонгууль болгоны хойно төрийн албан хаагчдыг ажлаас халдаг асуудлыг зогсоох ёстой зэрэг асуудлыг хөндөж санал гаргасан. Бид нилээд хэдэн жилийн өмнөөс цагдаагийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудал ярьж байна. Энэ удаа зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар санал оруулсан. Учир нь тушаалаар ажилладаг нэрийн дор, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн асуудал хүнд байна. Цагдаагийн ажилтнууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхны асуудал тус бүрийнхээ хуульд тусгагдсан, гэхдээ хаягдаж орхигдсон зүйл ч бий. Хугацаат цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг ч тусгасан. Заримдаа НҮБ-ын гишүүдэд зэмлүүлдэг асуудал болох эрүү шүүлтийн асуудлыг энэ жил ч бид бас дуугарсан. Дуугарахаас ч өөр арга алга. 16 илтгэлийн 9-д нь энэ асуудлыг хөндсөн.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг тусгалаа. Энэ хуулийн нэр томъёо буруу, гишүүд ээ. Жендэрийн тэгш байдал гэдэг, эрх тэгш байдал нь жендэрийн зөвхөн нэг хэсэг нь. Тийм учраас хуулиа ч өөрчилье. Хоёр жил тутам энэ тухай УИХ-д мэдээлэх ёстой. Хуулийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан учраас та бүхэн анхаарна биз ээ.

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо 

Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүй, бэлгийн хүчирхийллийн асуудал гараад байхаар нь бид судалж эхэлсэн юм. УЕПГ-аас мэдээлэл авсан. Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн газраас мэдээлэл авсан. Ингээд бид илтгэл хэлэлцүүлэх хугацааг хүлээх хэцүү байсан учраас бид 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ерөнхийлөгчид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн УИХ-ын даргад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Ерөнхий сайдад нууцын зэрэглэлтэй бичиг бичсэн. Өнөөдөр яг 8 сар өнгөрсөн байна. Энэхүү тулгамдаж буй асуудлаар НҮБ-ын Хүн амын сантай, тэднийх бас манайд анхааруулга өгсөн учраас, энэ оны 5 дугаар сард НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцсэн учраас энэ асуудлыг цааш нь эрж судлахгүй бол үндэсний аюулгүй байдлын нэлээд ноцтой байдалд хүрлээ гэж үзээд төсөл хэрэгжүүлж байна. ХЭҮК энэ хугацаанд 3 газар очиж ажиллалаа, ирээд нойр хүрэхгүй байна, гишүүд ээ. Энэ нөхцөл байдал айлгаж байна.

Энд хэдэн тоо хэлье. Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсний 295 нь эмэгтэй, хамгийн бага нь 2 настай, мөн 3 эрэгтэй хүүхэд хохирогч болсон. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Цагдаад шалгагдаагүй хэрэг зөндөө байгаа. Эдгээрээс 47 хувийг нь хэрэгсэхгүй болгосон. Өчигдөр 6 настай хүүхдийн асуудал яригдаж байна. Сая биднийг Булган аймагт ажиллах үед 4 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг шалгагдаж байгаа. Сэтгүүлчид та бүхэнд хүргэсэн. 1 нас 4 сартай хүүхдийг хүчиндсэн хэрэг шалгагдаад явж байна. Энэ Монгол хүнд байж болох уу? Дэлхий Монголыг юу гэж ойлгох вэ?

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн жирэмслэлт их байна. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 12-17 насны 1613 эх амаржсан байна. 20 хүртэлх насны 18160 эх үр хөндүүлсэн. Энд зөвхөн улсын эмнэлэгт хийгдсэн мэс ажилбарын тоо, хувийн эмнэлгийнх гардаггүй. Сая Орхон аймагт очиход тус аймаг үр хөндөлтийг зөвхөн нэгдсэн эмнэлэгт хийнэ гэж гэхээ хувийн эмч өөрөө хийнэ, багаж, нөхцөл нь сайжирна гэж үзэж, гэтэл Мэргэжлийн хяналтаас ирээд "та нар улс, хувийн эмнэлгийг ялгаварлан гадуурхаж байна” гээд болиулчихсан. Урьд нь үр хөндөлтийн тоо хувь нэлээд бодитой гардаг байсан бол одоо нууц байдалд шилжиж, бүрэн тооцоолж болохооргүй болсон. Мөн үр зулбуулдаг эм гадуур хараа хяналтгүй зарж худалдаалдаг. Тэгэхээр энэ тоо 17 мянга хол давах шинжтэй. Сургуулийн орчинд 13-аас дээш насны охидыг "одоо хүртэл онгон явдаг, ичдэггүй юм уу” гэж гадуурхан шоолох хандлага байдаг судалгаа бий. Энэ явдал хэрээс хэтэрлээ.

Зүй ёсоор бол бага насны хүүхдийг жирэмсэн болгосон хүн хатуухан хэлэхэд, шоронд явах ёстой. Гэтэл ямар хэрэг нь шалгагддаг вэ гэдэг нь харагдаж байна. Гомдол гаргасан тохиолдолд шалгагдаж байна.

Бага насны хүүхдийн жирэмслэлтээс шалтгаалан, гэр бүлийн орчинд асуудал үүсч байна. Манай улс 18 хүрч байж гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг өөрчлөх ёстой юу? Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн ирээдүй, нийгмийн амьдрал, сэтгэхүй ихээхэн хор уршигтай, харамсалтайгаар өөрчлөгддөг.

ХЭҮК-ын танилцуулга мэдээллийг сонссоны дараа УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тусгайлан төсөв батлах шаардлагатай, эрх зүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байв.

Мөн УИХ-ын гишүүн Баасанхүү: "Хүний эрхийн Үндэсний Комисс Эрүүгийн хуулийн заалтад яагаад саналаа өгөөгүй юм бэ?” гэсэн асуултыг тавихад ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Битгий гүтгээрэй, гишүүн ээ. Бид Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг хуулиудын Ажлын хэсэгт орж ажилласан, саналаа өгсөн. Маш олон, 105 санал гаргасан. Харамсалтай нь зарим нь хүлээж авдаггүй юм. Энэ хуулийг бид батлаагүй, УИХ баталсан. Одоо эргэж харж өөрчлөлт оруулаач гэсэн саналыг тавьж байна” гэв.

УИХ-ын гишүүд өсвөр насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой нийгэмд шуугиан тарьж буй зарим кейс, хүчингийн гэмт хэргийн хохирогчдоос шинжилгээний хураамж авах хэр зохистой, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгаа талаар ЦЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төлөөллөөс мэдээлэл сонсов. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол баривчлах ялтай. Төсөв байхгүйгээс орон нутагт гэрч, хохирогчийг хамгаалах байрууд ажиллах боломжгүй зэрэг шийдвэрлэх зүйл цөөн биш болохыг мэдээлж байв.

УИХ-ын гишүүн Н.Учрал: "Хүний эрхийн боловсролыг бүх шатны сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тусгаж өгөх, хүний эрхийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч, тодорхой төсвийг зарцуулдаг байх, Монгол Улс нэгдэж орсон хүний эрхийн гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд бүх түвшинд анхаарах нь чухал байна. Хүний эрхийн асуудлаар үл ойлголцол үүсгэх нөхцөл байдал бий болоод байна” гэсэн бол ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Хүний эрхийн хичээлийг хууль зүйн сургуулиудад нэвтрүүлсэн. Их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн хичээлийг хөтөлбөрт тусгуулж чадахгүй байгаа. Мөн өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 700-гаадхан сая төгрөгийн төсөвтэй төрийн байгууллага ХЭҮК байна. Гадаад, дотоод томилолтын зардалд 3 сая төгрөг л төсөвлөдөг тул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагын төслийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хараат бус, бие даасан гэх статус нь санхүүгийн хараат байдалд орж болзошгүй нөхцөл байдалтай, хүний эрхийн асуудал чухал гэдэг ч үнэндээ Сангийн яамны нэг мэргэжилтний үзэмжээр төсвийг танаж хасдаг байдалтай явж ирсэн. 3 сая хүний эрхийг хамгаалахад 700 сая төгрөг төсөвлөж байгаа нь хүний эрхийн асуудлыг орхигдуулж байгаа хэрэг. Ирэх жил энэ байдлаараа бол бид цалингаа тавиад суухад хүрч мэднэ” гэв.

Ийнхүү УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан үргэлжилж, охид, эмэгтэйчүүдийн зарим эрхийн асуудлын нөхцөл байдлыг хаалттай хуралдсан бөгөөд үргэлжлүүлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 16 дахь илтгэл”-ийг хэлэлцлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос илтгэлд тусгагдсан асуудлуудыг ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охидын эрхийн асуудалд төрөөс онцгой анхаарал хандуулж ажиллах, энэ талаар холбогдох Байнгын хороодын төлөөллийн оролцоотой Ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар шийдвэрлэлээ.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК