» » » “Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” хэлэлцүүлэгт илтгэл тавилаа

“Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” хэлэлцүүлэгт илтгэл тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2017 оны 11 дүгээр сарын 24-нд зохион байгуулсан "Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” нээлттэй хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцож илтгэл тавилаа.

Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэмт үйлдлүүд нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийн сэтгэл зүйд хүнд тусаж, олон нийтийг айдаст автуулах боллоо. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 онд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-д дурдсан тоо баримтуудыг хэлэлцүүлэгт оролцогчид ихэд анхаарал хандуулав. Тухайлбал, "...1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байна" гэж үзэв.

“Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” хэлэлцүүлэгт  илтгэл тавилаа

...2016 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Хүүхдийн эрх, хамгаалал үндэсний хэмжээний судалгааг хийлээ. Тус судалгаанд Монгол орны зүүн, баруун, төвийн, хангайн гэсэн 4 бүсийн 8 аймгийн 16 сум болон Нийслэлийн 7 дүүргээс суралцагсдын нягтаршил, төвөөс алслагдсан байдал, сургууль завсардалт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан нийт 57 сургуулийг сонгон хамруулсан бөгөөд 11-18 насны 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх/асран хамгаалагч болон хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүн нийт 7,159 хүнийг хамруулсан болно.

Судалгааны үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд тусган УИХ-д өргөн барьсан бөгөөд тус илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо 2017 оны 10 дугаар сарын 17-ны хуралдаанаараа хэлэлцэж Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гарган ажиллаж байна.

Дээрх судалгаагаар гарсан зарим мэдээллийг товчлон хүргэвэл:

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл аюулын түвшинд хүрсэн байна. 
Судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг гэж хариулсан байх бөгөөд тэдний 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 5 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн энэхүү нөхцөл байдал нь хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч болон хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдтэй хийсэн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын үр дүнтэй давхцаж байсан бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын төлөө тууштай ажиллах шаардлагатай болсоныг илтгэж байлаа.
Тиймээс хүүхдийн эсрэг хүчирхийллийг тохиолдол, хэлбэр бүрээр нь нарийвчлан судалж, урьдчилан сэргийлэх болон хүчирхийлэлд өртсөн нөхцөлд авах арга хэмжээ, зөвлөгөө, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна. Гэр бүлийн орчинд эцэг эхчүүд хүүхдийн эрхийг зөрчсөөр байна. 
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15.6 хувь нь "гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигддөг” гэж үзсэн бол хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн 84.7 хувь нь мөн тийм гэж хариулсан байна. Эндээс харахад хүүхдүүдээс даруй 72.1 хувиар илүү хүүхэд хамгааллын хамтарсан багийн мэргэжилтнүүд гэр бүлийн орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж тодорхойлж байна.

Түүнчлэн гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг ээж, аав нар зөрчдөг гэж хүүхдүүдийн 12.4 хувь, эцэг эхчүүдийн 42.4 хувь, хамтарсан багийн гишүүдийн 40.1 хувь нь хариулсан бол хойд аав ээж зөрчдөг гэж хүүхдүүдийн 38.6 хувь, эцэг эхчүүдийн 59.2 хувь, хамтарсан багийн гишүүдийн 28.3 хувь нь хариулсан байна. Эцэг эхчүүдийн 42.4 хувь нь өөрсдөө хүүхдийнхээ эрхийг зөрчдөг гэж хүлээн зөвшөөрч байгаа нь хамтарсан багийн мэргэжилтнүүдийн 40.1 хувьтай давхацаж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын тал хувь нь хүүхдээ хүмүүжүүлэх зорилгоор хүүхэддээ гар хүрч, хэл амаар доромжилж, бусадтай харьцуулж байгаа нь хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах болон хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийн талаар мэдлэггүй байгаагаас гадна уур бухимдлаа хянаж чадахгүй байгаатай холбоотой байна.

...Сургуулийн орчинд багш, үе тэнгийнхэн, дээд ангийнхан хүүхдийн эрхийг зөрчиж байна. 
Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигддөг гэж хүүхдүүдийн 36.2 хувь, хамтарсан багийн гишүүдийн 50.7 хувь нь үзэж байна. Харин "сургуулийн орчинд хүүхдийн эрхийг багш зөрчдөг” гэж хүүхдүүдийн 15 хувь, эцэг эхчүүдийн 10 хувь үздэг бол хүүхдүүдийн 38.4 хувь, эцэг эхчүүдийн 23 хувь "үе тэнгийнхэн” гэж үзсэн байна. Түүнчлэн "дээд ангийнхан хүүхдийн эрхийг зөрчдөг” гэж хүүхдүүдийн 47.6 хувь, эцэг эхчүүдийн 24.8 хувь нь үзсэн байна. Үе тэнгийнхний хүчирхийлэл нь насанд хүрэгчдийн нүдээр харахад бага залуу насанд тохиолдож болох энгийн зүйл мэт харагддаг хэдий ч үүний үр дагавар нь ёс суртахууны хортой муунөлөө өндөртэй, архаг явцтайгаар үргэлжилдэг бөгөөд хувь хүний төлөвшлийг эрс доройтуулж өөртөө итгэлгүй байдлыг үүсгэж, нийгмийн айдас, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн олон эмгэгийг үүсэхэд ихээхэн нөлөөлж байна. Ядуурал болон эцэг, эхийн таарамжгүй харилцаа нь хүүхдийн эрхийг зөрчихөд нөлөөлж байна.

Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн шалтгааныг гэр бүлийн зөрчилтэй харилцаанаас үүдэлтэй гэж эцэг эх, асран хамгаалагчдын 24.6 хувь, хамтарсан багийн гишүүдийн 70-аас илүү хувь нь үзэж байна. Харин гэр бүлийн төсөв санхүүгийн асуудлаас шалтгаалсан гэж 25.2 хувь нь үзэж байна. Тухайлбал эцэг эхчүүдийн 37.9 хувь нь хүүхдийнхээ дэргэд нэгнийгээ буруутгаж, шүүмжилдэг, 34.7 хувь нь гэрийнхэн болон бусад хүмүүстэй маргалддаг, 14.6 хувь нь хүүхдийнхээ дэргэд тамхи татдаг, 11.9 хувь нь архи уудаг, 4.5 хувь нь гэрийнхэн болон бусад хүмүүстэй зодолддог гэсэн байна. Өөрөөр хэлбэл, асуулгад хамрагдсан 2 эцэг эх тутмын 1 нь хүүхэддээ муу үлгэр дуурайлал үзүүлж, эрхийг нь зөрчиж байна.

Түүнчлэн судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 52.9 хувь нь хүүхэд хүмүүжүүлэх арга мэдэхгүйгээс, 40.2 хувь нь хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг мэдэхгүйгээс, 49.6 хувь нь хүүхдийн эрхийн ойлголт, мэдлэг дутмагаас, 41.7 хувь нь уур бухимдлаа барьж чаддаггүйгээс хүүхдийнхээ эрхийг зөрчдөг гэж хариулсан байна. Эцэг эхчүүд ийнхүү хүүхдийнхээ эрхийг зөрчиж буй өөрийн нөхцөл байдлыг тодорхойлон, ухамсарлаж байгаа хэрэгцээнд нь тулгуурлан хүүхэд хүмүүжлийн сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулвал хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулахад тодорхой үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа нь мэргэжлийн түвшинд байж чадахгүй байна. 
Судалгааны явцад хүүхдийн эрх хамгааллын үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтын гол субьект болох хамтарсан баг хот хөдөөгийн аль алинд тун хангалтгүй ажиллаж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Хамтарсан баг нь орон тооны бус төрийн болон ТББ-ын гишүүдээс бүрдсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх бүтэц боловч улс төрөөс хамааралтай тогтвортой бус, мэргэжлийн бус байдал, төсөв зардалгүй зэрэг нь түүний үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.

Олон нийт ерөнхийдөө хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаар хаана хэнд мэдээлэхээ мэдэхгүй байна. Асуулгад хамрагдсан оролцогчдын 50 хувь нь хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг хэнд, хаана мэдээлэхээ мэдэхгүй байгаа нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хангалтгүй явж байгааг харуулж байна.Энэ нь хүүхдийн эрх зөрчигдөх үйл явцыг таслан зогсоох нэг боломж хаагдмал байгаагийн илрэл бөгөөд хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй байгаагийн бас нэг шалтгаан болж байна.

ЗӨВЛӨМЖ
Засгийн газрын үүрэг хүлээгчдэд
- Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг бууруулах хууль эрх зүйн цогц орчинг бий болгох ажлыг яаравчлах. Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Хүүхдийн элчийг хуулийн дагуу ажиллуулах;
- Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын ажлыг төсөв хөрөнгөний тодорхой эх үүсвэртэй болгож, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах, тогтвортой ажиллах нөхцлийг бий болгоход анхаарах;
- Хүүхдийн эрхийг сахин хамгаалах төрийн үүргийг иргэд олон нийтэд тогтмол ухуулан таниулж байх;
- Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаарх мэдээллийг хаана, хэнд, яаж мэдээлж байх талаар сурталчилгаа, нөлөөллийн ажлыг сургалтаар, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тогтмол явуулж байх; 
- Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаарх мэдээллийг хүлээн авч хариу үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхижуулах, мэргэшүүлэх;
- Эцэг эх/насанд хүрэгчдэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох сургалтыг насан туршийн боловсролын хүрээнд тогтмол зохион байгуулах;
- Хүүхэд, олон нийтэд зориулсан хүүхдийн эрхийн талаар мэдлэг олгох сургалтыг нэгдсэн модул,стандартаар боловсруулж ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулж өгөх;
- Хүүхдийн эрхийн конвенци, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын
тухай хуулийн агуулгыг тусгасан хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн эрхийн боловсрол олгох гарын авлагуудыг гаргаж, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нарт түгээх.
- Багш бэлтгэдэг сургалтын хөтөлбөрийн агуулгад хүүхдийн эрх, хүүхдийн сэтгэлзүйн хичээлийн агуулгыг нэмж оруулах;
- Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйчийн орон тоог бий болгох;
Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудад
- Хүүхдийн эрх, зөрчлийн талаарх мэдлэг, хандлага, хэрэгжилтийг тодорхойлох судалгааг тодорхой хугацааны давтамжтайгаар хамтран хийж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэн, гарч байгаа ахиц, ололт амжилт, сургамж бэрхшээл, үр дүнгээ олон түмэнд хүргэдэг тогтолцоог бий болгох талаар хамтарч ажиллах;
- Хүүхдийн эрхийн асуудлаар үүрэг хүлээгч нарт зориулсан сургалтыг нэгдсэн модуль, хөтөлбөрийн дагуу тогтмол явуулж хэвших;
Ерөнхий боловсролын сургуулиудад
- Хүүхэд хамгааллын бодлоготой болж, сургуулийн орчинд гарч байгаа хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг таслан зогсооход бодитой алхам хийх; 
- Эцэг эх, асран хамгаалагчид болон багш ажилтнуудад хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын сургалтыг тогтмол явуулж хэвших; 
- Сургууль дээр хүүхдийн эрхийн клуб зэрэг хүүхдийн өөрийн удирдлагын болон оролцооны байгууллагуудыг бий болгох боломжийг бүрдүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
- Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн багш, ажилтнуудтай тогтмол хариуцлага тооцож, багш, эцэг эх, асран хамгаалагчдын дунд хүүхдийг зөв ойлгож, хүндэтгэн харилцах орчин, аргазүйг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах
- Багш нарын хүүхдийн сэтгэл зүйн талаарх мэдлэг, ойлголтыг байнга нэмэгдүүлж байх;
- Багшийн ёс зүйд анхаарах;
Эцэг эх, асран хамгаалагчдад
- Хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаарх мэдлэгээ дээшлүүлэх;
- Гэр бүл, сургууль болон гадаах орчинд хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, эцэг эхийн зөвлөлийн ажлыг үүнд чиглүүлж хамтран ажиллах;
- Өдөр бүр хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж хэвших, сэтгэл санаагаар байнга дэмжин урамшуулах;
- Гэр бүлийн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэр бүлийн орчинг хүүхдийн аз жаргалтай амар тайван өсөж хөгжих орчин болгох;
- Хүүхдийн хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг батжуулж, дэмжин туслах;
- Хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогыг танин мэдэж харилцаандаа анхаарах;
- Эцэг, эх хоорондоо зөв харилцааг бүрдүүлж эвтэй байх;
- Үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх;
- Гэр бүлийн уламжлалт соёл, ёс заншил, эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлтэй байх;
- Гэр бүлийн боловсрол олгох сургалтад өөрийн санаачлагаар хамрагдах;

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК