» » » "Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншлаа

"Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншлаа

"Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншлааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форумтай хамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар олон нийтийн лекц зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Жуужаагийн Эрдэнэбулганыг урьж "Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншууллаа. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15:00 цагт Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болсон лекцээр шинээр мөрдөж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиуд дахь хүний эрхийн зарим асуудлаар илтгэл тавьж, санал солилцов. 2017 оны 5 дугаар сарын 11-нй өдөр УИХ-аар хэлэлцэн баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь хүний эрхийн асуудлыг орхигдуулсан тал байгааг илтгэгч онцлон зарим жишээг татан хэлэлцүүлсэн нь арга хэмжээг сонирхолтой, үр дүнтэй болгож байлаа. Лекцэд оролцогчдын зүгээс аливаа хуулийн нэмэлт, өөрчлөлт, төслийг хэлэлцэх үед иргэд, олон нийт, судлаачдаас санал авдаг хэдий ч тэр бүр саналыг тусгадаггүй нь эргээд хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна хэмээн шүүмжилж байв.

"Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншлааИлтгэгч Ж.Эрдэнэбулган нь хууль зүйн ухааны доктор, профессор бөгөөд 1989-1994 онд МУИС-ийн НУФ-ын хуулийн ангид суралцан эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч мэргэжилтэй. 1994-1995 онд МУИС-ийн ХЗДС-ийн магистрантурт суралцан "Дээрэмдэх гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэх асуудал” сэдвээр хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2012 онд МУИС-ийн ХЗС-ийн эрдмийн зөвлөлд "Дээрмийн гэмт хэргийн эрүүгийн эрхзүйн үндсэн асуудал: онол ба практик” сэдвээр Хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан дэд профессор юм. 2015 оноос Нотариатчийн мэргэшлийн хорооны гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 15-наас МУИС-ийн ХЗС-ийн захирал, МУИС-ийн ХЗС-ийн эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байна. 

"Хүний эрх ба Эрүүгийн хууль" сэдвээр лекц уншлааДоктор, профессор Ж.Эрдэнэбулган "Монгол Улсын эрүүгийн эрх зүйн удиртгал”, "Хууль зүйн клиник”, "Гэмт хэргийн тухай тулгуур ойлголтууд”, "Эрүү, эрүүгийн процессын эрх зүй”, "Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”, "Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилгын хураамж” зэрэг 10 гаруй хамтын бүтээл, "Монгол улсын 2002 ба 2015 оны Эрүүгийн хуулийн харьцуулсан судлагаа”, "Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”, "Дээрэмдэх гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн үндсэн асуудал” зэрэг олон тооны бие даасан болон нэг сэдэвт бүтээлүүдийг бичиж хэвлүүлсэн. Мөн Монгол, Герман, Орос хэлээр 20 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, илтгэл, нийтлэл хэвлүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад, "Хүний эрхийн олон нийтийн лекц" арга хэмжээ нь сар тутам, олон нийтэд нээлттэйгээр хүний эрхийн анхаарал татсан асуудлаар үнэ төлбөргүй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлдэг ба 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК